Saturday, December 22, 2007

Үүрд хамт байгаа ч ээжээ

Ээжийн тухай сайхан дуу шүү. Энэ дууны дуучин, аяыг зохиогч, шүлгийг бичсэн 3 хүн Сүхбаатар аймагт яваж байгаад зохионсон гэдэг. Иймд энэ дууг Сүхбаатар аймагаас төрсөн дуу гэдэг юм билээ. Даан ч дуучин, зохиогч, шүлэг ч нь хэн байсаныг мэдсэнгүй. Ямарчил гэсэн Номин талстынхан гоё дуулсан байна.

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл

Хээр талын цэцэгхэн сарнай гэе

Арвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа

Алганы толион дээр ургасан байж таарна

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл

Өргөн дэлхийг мартахын аргагүй

Өөрийн минь дүрийг нар шиг гэвэл ээжээ

Үлэмжийн гэрэл таныг байж таарна

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч

Дэлгэр зун шиг насаараа ивээе ээ

Тэнгэр шиг ачлал таных шүү ээжээ

Дэлхий шиг хүндлэл минийх шүү ээжээ

Учрах зүүднээ сайхан дагина

Үзэх нүднээ өдрийн солонго

Үр чинь таныгаа хайрлая аа ээжээ

Үндэс мөчир шиг үүрд хамт байгаа ч ээжээ

www.gogo.mn дээрээс номин талстын дуулсанаар нь сонсоорой.

Thursday, December 13, 2007

Би Соёмбыг тугандаа тахисан Монгол хүн

Би хонины мах иддэг. Гэхдээ би хонио алаагүй. Бас сүү уух дуртай. Гэхдээ би сүүг үнээнээс сааж биш бас гуйж биш худалдаад авчдаг. Үнэ нь 850-1200 байдаг. Захаас бөөндөөд авсан ч болно. За энэ ч яахав. Өвөг дээдэс минь СОЁМБЫГ тугандаа тахиж үлдээсэн болхоос шилэнд тахиж үлдээгээгүй. Би СОЁМБЫГ туганд намирч явсаныг мэдэхээс шилэнд найгаж явахыг мэдэхгүйн байна. БАЯРЛАЛАА.

Monday, December 10, 2007

Тамын тогоо ба Диваажингийн хоол

Энэ журмын анд, Senior Expert, Баянаа андын блог дээрээс хулгай хийсэн болно. энэ их таалагдлаа. Ер нь дажгүй зүйрлэл байна. баярлалаа андаа.

Нэгэн залуу лам багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариулж гэнэ. “Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй”. “Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй.”

Дээр өгүүлсэн залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн багшаасаа асуужээ. Багш нь диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нэг талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээж аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барья” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл, өнийн дээд жаргалыг амталж байдаг юм даа” гэсэн гэдэг. Там уу, диваажин уу? гэдэгт та бидний сонголт л нөлөөлөх гээд байна. Тамын тогооноосоо гарцгаая, элэг нэгтнүүд ээ.

Monday, November 26, 2007

Тусгаар тогтнол хаана, юунд оршин байна вэ?

Сайн байцгаана уу?

Танд Улс тунхагласаны 83 жилийн ойн баярын мэнд хүргье.

Энэ нийтлэлийг би яг жилийн өмнө уншиж байсан юм. Тусгаар тогтонол гэж юу юм вэ? яагаад дэхий даяар тусгаар тогтнолын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг, харин Монголд бид нэг өдөр бүх нийтийн амралтын өдөр болгож өнгөрөхөөс цаашгүй л байдаг юм бол. Сүхбаатарын талбай дээр Жанжины хөшөөнд цэцэг өргөх, Чингис хаанд хүндэтгэл үзүүллэх ёслол болж байна. Гэвч энэ бол цагдаагаар хүрээлүүлсэн төрийн томчуудын хүрээнд л болох юм. Харин залуучууд бид нар тусгаар тогтнол гэдгээр юуг төсөөлж байгаа нь бүрхэг юм. 2006 оны 8 сарын 14-нд Пакистан улсад тусгаар тогтнолын баярын өдөрөөр байсан юм. Энэ улс түүхийн хугацаанд олон удаагийн дайн тулаанд өртөж байсан. олон жилийг дарлал дунд өнгөрүүлсэн ард түмэн байдаг юм байна. Гэхдээ тэд өдгөө тусгаар тогносон улс, тиймдээ ч 8-р сарын 14-нд бүх хүмүүс гудамжинд гарч сүртэй жагсаал хийх юм. Тэд энэ өдрийг тэд юу юунаас илүүд үздэг юм даа гэсэн бодол төрж билээ.

Тусгаар тогтнол хаана, юунд оршин байна вэ?

Энэ талаар цахимөртөө сэтгүүл дээр нийтлэсэн нэгэн нийтлэлийг та бүхэнд хүргэхийг хүссэн юм.


Б.Номинчимэд. Даяар Монгол сониний эрхлэгч, Блүүмингтон, АНУ



... Наран ургах зүгт эх орон минь бий гэж

Насад мөнхөд залбирч явлаа ...


Дорнын эртний сонгодог найргаас


"ЧИНГИС" АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН

Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй "Чингис" архи гаргаж биднийг дайллаа.

Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу "Арван тавны сар"-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.

Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан "Чингис" архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос "Чингис" архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал "Би Монгол хүн" гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр Чингис архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

БИЕЛЭШГVЙ МЄРЄЄДЄЛ


Єнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.

Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.

Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ. Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.

Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.

Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!

Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...

ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НЄХДҮҮД БАЙДАГ


Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, "Ох, май бээст фрииндс - Монголиа" гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ. Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй.

Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.

ИШЛЭЛ АВАХАД….


Єнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын "Хайлж буй дээд Монгол" хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430

Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан "Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог" гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна.

Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.

Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?

ТУСГААР ТОГТНОЛ БА ТЄВДVVД


Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ "I’m love you" гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л… Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.

2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад "Free Tibet" гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. "Independence for Tibet’, "Honk for Tibet & US", "China out of Tibet", "Release the Panchen Lama", "Free Tenzen Delek Renboche", "Boycott China’s goods" гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.

Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л "будаа" болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.

Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Євөр Монголчуудад ч адилхан даа.

ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ


2004 оны 2 сарын 28

Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.

Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо "Hi Немо" хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.

Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.

Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.

Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.

Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.

Гэтэл хэн нэг нь "Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна" гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад "Энэ миний эх орон" хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.

Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.

Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.

Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.

....

Єнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.

Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.

....

Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Wednesday, November 21, 2007

Нийгэм ба хялбар тайлбар

Энэ их хялбар тайлбар юм шиг санагдаад бичихээр шийдэв. мэдлэгт тань нэмэр болог. С.Ганбаатарын "Хөх цэрэг" номноос авсан болно.
Социализм
Та 2 үнээтэй бол 1-ийг нь хөршдөө зүгээр өгнө
Коммунизм
Та 2 үнээтэй. Засгийн газар 2 үнээг чинь хоёуланг нь аваад харин танд сүү өгнө.
Фашизм
Та 2 үнээтэй. Засгийн газар 2 үнээг чинь хоёуланг аваад сүүг нь танд худалдана.
Нацизм
Та 2 үнээтэй. Засгийн газар 2 үнээг чинь хоёуланг аваад харин таныг буудна.
Бюрократизм
Та 2 үнээтэй. Засгийн газар 2 үнээг чинь хоёуланг нь аваад нэгийг нь ална. Нөгөөг нь саах авч сүүг нь асгана.
Капитализм
Та 2 үнээтэй. Нэгийг нь та зараад оронд нь бух худалдаж авна.


Wednesday, August 08, 2007

Шамбалын орноор

Энэ өдрийн мэнд хүргэе.
Дараагийн аялалын чиглэл Дорноговь аймгийн нутагт орших Хамрын хийд болон Дэлхийн энергийн төв цэг боллоо. Энэ удаагийн аялал маань маш шуурхай болсон бөгөөд нэг өдөр үргэлжилсэн. Өнгөрөгч баасан гариг буюу 8-р сарын 3-ны өдөр Улаанбаатар-Замын үүдын чиглэлийн галт тэргээр хөдөлсөн юм. Аялалын баг маань Limnux бүлгэмийн зарим гишүүд байсан юм. Анагаахын Баянаа, Adsolux-ийн Нүүнээ, Мобигийн Баяраа, Төмөр замын Онон болон миний бие байсан юм. Сайн-Шанд бууж Анагаахын байранд хэсэг амраад зорьсон газарлуугаа явлаа. Сайн Шандын зүтгүүрийн депогийн орлогч дарга Гантөмөр биднийг төсөн авч аялалыг маань замчилсан юм. Гантөмөрт маш ихээр баярлаж байна.














Дэлхийн Энергийн төв. Ер нь бол маш их энергитэй газар гэдэг юм байна. Газар зүйн үүднээс нь 150 сая жилийн өмнө галт уул оргилж байсан газар гэж үздэг юм байна. Сүхбаатар аймгийн Алтан-Овоо, Дорноговь аймгийн Хамрын хийд, Өмнөговь аймгийн Дэмчигийн хийд энэ гурав нь тэр оргилж байсан галт уулын нэг судал нь юм шиг байгаан(судал гэдэг юмуу сайн мэдэхгүй юм). Шашины үүднээс бол анх Говийн ноён хутагт Данзанравжаа бясалгал хийхэд тохиромжтой газар гэж энд хамрын хийдийг байгуулсан юм шиг байна.














Бясалгал хийдэг 108 агуй байдаг байсан гэнэ. Лам нар тэдгээр агуйд орж бясалгал хийдэг байсан бөгөөд өдөрт нэг тагш хоол идээд, хоолныхоо дараа модон тагшаа хаданд нэг удаа үрдэг байсан гэнэ. Ингээд модон тагш үрэгдэж дуустал суугаад гарч ирж чадвал жинхэнэ хувилгаан болдог гэнэ. Чадаагүй нэгнийг нь наанаас агуйн амыг таглаад тэнд нь үлдээдэг байсан гэж. Хүнд даваа байсан юм байна.

Энергийн төвийн ойр орчимын уул толгод нь газрын гүний хөдөлгөөн түлхэлтээс үүссэн юм гэж тайлбарлаж байхыг нь сонслоо. Өөрч юнаасч үүсэх билээдээ.




























Энергийн төвийг тойруулан Суварга босгосон байх бөгөөд хашаа дотор орон нар зөв тойрдог юм байна. Эхлээд нүгэлтэй хүн нүгэлээ бичиж шатааваас ариусдаг булан байна. Бидний дотороос хамгийн арилашгүй нүгэлтэй хүнээр Онон тодорсон юм. Ононгийн нүгэлээ бичсэн цаас шатаж өгөхгүй их удсан л даа. Хамгийн их нүгэлтэй хүнээр Нүүнээ анд тодорсон бөгөөд түүнд нүгэлээ бичихэд бүтэн дэвтэрийн нүүр цаас хүрэхгүй байна лээ шүү (хэхэ).














Дараа хашааны хойд хэсэгт байрлах овоон дээр гарч Үлэмжийн чанар гэдэг сайхан дууг бөөнөөрөө дуулдаг юм байна.
Үлэмжийн чанараар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг ээ хө
...
гээд л дуусандаа.
Дуулж дуусаад овоонд өргөл өргөсөнөөр ерөнхийдөө зан үйлийн ажил дуусаж байгаа юм шиг байгаан. Энэ хэсэгт хүмүүс хөл нүцгэн явж, газар хэвтэж өөрийгөө цэнэглэдэг юм байна. Асар том баттерей цэнэглэгч л юм шиг харагдаж байна лээ.
Цэнэг нь дуусаад унтарчихсан гар утас асдаг гэж байна лээ шүү(ХЭХЭ). Энергийн төв дээр хүний хөл тасардаггүй юм байна. Хүмүүс ихээр ирж үздэг газар болсон байна.














Бид тэнд Дөлөө андын гэр бүлийхэнтэй таарсан нь үүний нэг жишээ юм.
Өнгөрөгч онд шамбалын орны нээлтэнд 100000 хүн цугларсан гэнэ шүү.














Ноён хутагтын Япон шавь бясалгалын агуйн ойролцоо Сакура гэдэг мод тарьсан юм байна. Хавар эдгээр сакура нь бас цэцэглэдэг гэнэ. Бид Япон явалгүй Монголдоо сакура цэцэглэхийг үзэж болох юм байна.














Мөн тэр япон нөхөр Ноён хутагтаар нууц таринын эрдэм заалгасаныхаа хариуд самуурайгын сэлэмээ бэлэглэсэн нь Сайн Шанд хотын музейд хадгалагдаж байгаа юм байна. Сэлэм эргүүлэхдээ гарамгай нөхөр байсан уу эсвэл чадахгүй болохоороо бэлэг болгоод өгчихсөн юм болуу(ХэХэ).
Иймэрхүү байдалтай энергийн төвийг үзээд хамрын хийдрүү хөдөлсөн юм.














Хамрын хийд гэж хоёр дунд зэргийн сүм байна. Дотор нь байгаа бурхад нь их чухал бурхад байдаг юм байна. Мянган мэсийн бурхан гэж байдаг гэнэ. Үүнд сүсэглэн мөргөвөл мэсний аюулд өртөдөггүй юм гэнэ. Хамрын хийдээр орж мөргөл үйлдсний дараа бид энергий төв, хамрын хийд хоёрын голд орших Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж үзсэн юм. Нийлээд хайсны эцэст арай гэж олж үзлээ. Их урт амьтан байсан бололтой. Сүүлнээс хүзүү хүртлэх яс, Дунд чөмөг, сарвууны яс нь газар дээр байрлалтай байсаныг хархад төр амьтан хажуулдаал унасан юм шиг байгаан.




























Үлэг гүрвэлийн ясан үзсэний дараа Хар уулын зүг хөдлөсөн юм. Ерөнхийдөө зүг чигийг бол нараар баримжуулах боловч бүрэн сайн ойлгохгүй байсан тул эдгээр очсон газрууд нь хаана хаана байсаныг бичилгүй орхилоо.














Хар ууланд хүслээ цаасан дээр бичиж шатаадаг юм гэнэ. Усын уувал, ёсын дагдаг зарчимаар бүгд хүслээ бичиж шатаав. Хар уулын орой дээрээс орчиныг хархад үнэхээр сайхан юм. Нүд алдам тал гайхамшигтай юм аа. Байгал дэлхийн гоёмсог тогтоц юм байна.














Ингээд л нэгэнт орой болсон галт тэргэндээ амжиж суухын тулд аймгийн төвийн зүг яаравчилан хөдөлсөн юм. Шамбалын орноор аяласан нэг өдрийн аялал ч гэсэн их юм үзэж дуулсан сайхан аялал боллоо. Хамт явсан бүх нөхдүүддээ баярлалаа.

Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.

Friday, August 03, 2007

Хөвсгөл Нуур

Өмнө хэлсэнээрээ зуны аялалынхаа тухай үргэлжлүүлэн бичиж байна.
7-р сарын эхний өдөрүүдэд хэсэг найзуудын хамтаар Хөвсгөл далайгаар аялаад ирсэн юм. Хөвсгөл далай орчим нь Монголын маань Швецарь гэж нэрлэгдсэн нь үнэхээр худал үг биш юм шиг санагдсан шүү. Гэхдээ би Швецарь ямарыг мэдэхгүй тул Хөвсгөл шиг байдаг байх гэж төсөөлж байлаа. (хэхэ)














Аялалын багийнхан. Залуусаа Сайхан аяласан шүү.
Улаанбаатараас 7-н сарын 4-ны оглоо 1 цагын хөдөлсөн бөгөөд Дашинчилэн хүртэл засмал замаар яваад Архангай аймгийн Өлзийт, Хайрхан сумуудаар дайран Хөвсгөл аймгийн нутагт орсон юм. Хөвсгөл аймгийн Рашаант сумаар дайран гарч Сэлэнгэ мөрний Бирваазаар гол гарч тэндээ хоноглоод цааш давхиж Мөрөн хотод хүрсэн юм.


















Аялалын зураг. Их бүдэг харагдаж байх шиг байна. Уул нь том зураг л даа.

Бидний аялалын төлөвлөгөө Шууд Хөвсгөл далай орж тэндээ хэд хоног амрах байсан юм.














Иймээс замдаа Цогт хун тайжын Хар балгасаар орсоноос өөр зогсолт хийлгүй Мөрөн хотод очсон юм. Гэхдээ шуурхай ч гэсэн байгалийн сайханыг мэдэрч явлаа.















Аан тийм Орхон голын хөвөөн дээр бууж усанд орсон юм байна. Даанч гүехэн усанд шумбасанаас болж духан дээрээ хайрганы соривтой болчихсон. Ус гүехэнийг мэдсээр байж шумбаад духаараа хайрга мөргөчихчсөн юм (хэхэ).














Тогоруу хөөрхөн
Тоодог муухай
Цам харай
гэдэг байхаа.
Замд хос тогоруу таарлаа. Хосоороо юм учиртай гээд зургийг нь авчихсан юм.














Мөрөн хотод Их сургуулийн ангийн нөхөд маань хүлээн авч Хөвсгөл далай хүртэл газарчилсан явдал бидний аялалд их тус хүргэсэн юм. Ангийн нөхдүүдэд гүнээ талархаж байна.














Аялалын төлөвлөгөө маань Сэлэнгэ мөрний хөвөөн дээр нэг буудлахаар тооцсон тулд Сэлэнгийн бирваазаар гарч эрэг дээр нэг хоносон юм. Хун гэдэг шувуу чинь хосоороо байдаг гэсэн чинь энд нэг хун байдаг байна ш дээ.














Нуурын эрэг дээр өглөө нар мандахад ийм харагдаж байна. Манан буучихсан усны зах нь харагдахгүй үнэн сүрлэг байна луу шүү.














Хатгал сумын ойролцоо 2 хоноод цааш явж Жанхайн даваагаар даваж нуурын үндсэн том хэсгийг үзсэн юм.














Хатгалын хажууханд 2 хонохдоо Нууран дээгүүр завиар явж үзлээ. Эхлээд нуурын ус үнэхээр их агуу харагдаж байсан боловч газрын зураг дээрээс харахад тэр хэсэг нь нуурын өчүүхэн хэсэг байдаг байгаа. Иймд бид бүр өргөн их усыг үзэхээр шийдэж Жанхайн давааруу аялалаа үргэлжилүүлсэн юм. Жанхайн давааны урд хормойд нь цаатан айл цаагаа маллаж амьдардаг юм байна Урцанд амьдрах хэцүү, хүнд юм шиг байна лээ. Над шиг хотын хүүхэд бол зутрах юм шиг ээ (хэхэ).















Жанхайн даваан дээр хоёр хоносон бөгөөд далайгаас загас барих гэж оролдож үзэв. Загас барихыг шахсан даа. Далай ус үнэхээр цэвэр тунгалаг сайхан юм. дотор нь байгаа загаснууд хүртэл шууд харагдадаг юм байна. Улаанбаатарт зарж байгаа цэвэр уснаас дутах юмгүй цэвэр тунгалаг юм байна. Шууд л уучихаж болдог юм байна.

















Монголын бахархал болсон Сүхбаатар онгоц дээр гарч үзлээ. Ханх хүртэл 100 гаран км гэнэ. 7 цаг хөвөж очидог юм байна. Даанч 3 тонн түлш хэрэглэнэ гэнэ (хэхэ). Тэгээд Сүхбаатар онгоцоор Ханх орж үзэх мөрөөдөл маань замхарлаа. Гэхдээ яахав амьд явхад алтан аяганаас ус ууна гэгчээр нэг л өдөр явах л байх даа. Хөвсгөл далайн хөвөөн дээр сайхан амарч авлаа, бас улсын баяр болох гээд хотруу буцах болчихож. Ямар хурдан юм вэ? Эргэж заавал ирнэ гэсэн бодолтойгоор хүлгийн жолоог гэрийн зүг заллаа.















Буцахдаа бид Хөвсгөл аймгийн Рашаантаас Булган аймгаар дайран Эрдэнэт хотод засмал замтайгаа нийлсэнээр хотод ирсэн юм. Булган аймаг зуншлага сайтай байна лээ шүү.

Энэ удаагийн аялал нэг иймэрхүү.
Эх ороноороо бахархаад бахархаад ханахгүй юмаа.

Хөвсгөл далайнхаа усыг цэвэр тунгалагаар нь хадгалцгаая.

Tuesday, July 31, 2007

Нууц файлуудаа зургийн файл дотор нуух

Зарим нууц файлуудыг компьютер дээрээ нуухдаа зургийн файлыг ашиглан нууж болох юм байна. Хэрхэн нуух талаар доор бичлээ. Тун хялбархан 3 алхам л гэсэн үг.
1-р алхам:
Хэрэгцээтэй файлуудаа нэгтгэн ямар нэг архивын программ ашиглан нэгтгэж нэг файл болгох хэрэгтэй.













2-р алхам:
Нэгтгэсэн нууц файлаа зургийн файлтай хамт нэг хавраст хуулаад.












3-р алхам:
start->run -аар ороод cmd (command prompt)-руу ороод cd коммандын тусламжтай өмнөх нууц мэдээлэлтэй файл болон зургийн файл байрлах хавраст шилжинэ. Үүний дараа коммандын мөрөнд "copy /B zuragiin_ner.jpg + nuuts.rar secpic.jpg " коммандыг хийх хэрэгтэй. ингээд л болоо. zuragiin_ner.jpg гэдэг нь сонгосон зургийн нэр байх юм. nuuts.rar гэдэгт нууц мэдээлэл хадгалсан нэгтгэсэн архивын файлын нэр байх юм. secpic.jpg нь архивын файл зургийн файл 2 нийлээд үүсэх зурагтай архивын файлын нэр байна. дурын нэр байж болно. архивын програм нь юу ч байж болно шүү.












Шалгаж үзэхдээ secpic.jpg файл дээр хулганаар товшисоноор зураг маань нээгдэнэ. харин нууц мэдээлэлээ үзэхдээ архивын програмаар нээгээд үзээрэй.

Туршаад үзээрэй энэ маш хялбар шүү.

Мэдээлэл болгон мэдлэг болог.

Monday, July 30, 2007

Түймэр

Эх орон минь шатсаар л байна.
Саяхан богд уул шатаж, бүр орой дээгүүр нь гал дүрэлзэж байгааг нь харлаа. Түймэрт олон л юм нөлөөлж байгаа байх л даа. яг ингээд шатаад байгаа юм гэдэг оношийг нь хэлж мэдэхгүй болохоор хүмүүсийн болгоомжгүй алдаанаас л шатаж байгаа байх гэж дэмий л бухимдах юм.

Ойрд үнэхээр халуун хуурайшилттай хэцүү байна л даа. Онцгой байдалын газарынхан хэдэн зуугаараа ажиллаж байгаа л гэнэ. Гэтэл саяхан мэдээ сонсож байсан чинь монгол улсын хэмжээг бараг 20 орчин түймэр байгаа гэх юм. Ямарч их юм. Яасан ч шатаж дуусдаггүй мод вэ? гэмээр л санагдаж байна.

Монгол улсын хэмжээнд түймэрт хэрэглэж онгоц, нисдэг тэрэг гэх мэт нь байхгүй гэж бодохоор бүр л хэцүү юм даа. Миний санахаар жил болгон л ойн түймэр гэж гардаг байсан. Энэ байнга гараад байдаг ойн түймэрт зориулаад нэг юм авчихаж болдоггүй юм байхдаа.

Монголд хувийн онгоцтой нисэхийн компаниуд гарч ирээд л байх юм. Тэгхэд монгол улсын хэмжээнд ойн түймэрээ унтраах ус цацдаг онгоц авч болдоггүй л юм байхдаа.

Онгоц худалдаж авч чадахгүй юмаа гэхэд хуучин тариалангийн талбайд хор цацдаг байсан онгоцнууд одоо хэрэглэгдэхгүй хэвтэж л байна. тэрийг усаар цэнэглээд хэрэглэж болмоорч юм шиг.

Ер нь боломж их байх шиг байна даа. Хийх юм бол.

Монгол улс минь үүрд мандан бадраг.

Friday, July 27, 2007

Зуны амралт

Энэ зун Нүүнээ андын хэлсэнээр хөлд хий орчихсон юм шиг л зун байна. Эх орныхоо олон ч сайхан газраар явж, их ч юм үзлээ. Монгол нутаг минь ямар уудам, ямар үзэсгэлэнтэй юм вэ? энэ сайхан орноор аялаж байхад архаг блогчин Байгалмаагын бичсэн:

Морин хуурын тансаг аялгуу сонорыг минь мялаан дуурсан ахуйд, алс тэртээхь тєрсєн нутгийн минь цэнхэр бараа нvдэнд vзэгдэх шиг. Эх захгvй vргэлжлэх нvд алдам тал, ээрэм говийн амин сvнс алтан элс, хєхрєн дуниартах хєвч тайга, нэг ойртон нэг холдон vзэгдэх айлын бараа, анир чимээгvйг цочоон дуурсах ажнай xvлгийн туурайн тєвєргєєн… Эл бодол сэтгэлийн минь эмзэг утcыг хєндєж, далдхан гунигийг минь хєглєнє

мөрүүд бодогдож сэтгэлийн минь эмзэг утсыг хөндөж байх юм даа. Үнэндээ би наадамын өмнө Хөвсгөл далайруу цөөн хэдэн хонгийн аялал хийгээд наадамын өмнө буюу 7-р сарын 10-ны өдөр ирсэн юм. Харин наадамын дараа 7-р сарын 13-наас 23-ны хооронд монгол нутгын зүүн хязгаар нутаг онгон хилийн наагуур Оргихын булаг, Ганга нуур, Талын агуу, Алтан овоо, Шилийн богд уулаар аялаад ирсэн минь эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлж блогтоо тэмдэглэл үлдээхэд хүргэлээ. :)

7-р сарын 13-ны өглөө Улаанбаатар хотоос ASIA марк автобустайгаар аялалаа эхлэсэн юм. Бидний эхний буудал бол Хар зүрхний Хөх нуур байсан бөгөөд уул ус нь тэгширсэн үнэхээр сайхан газар байж билээ.















Нуурын зүүн эрэг дээр зүрх хэлбэрийн уултай, баруун эрэг дээр Эзэн Чингис хаанаас эхлээд алтан ургын сүүлчийн хаан Лигдэн хаан хүртлэх бүх хаадын модон хөшөөний цогцолбортой.















Нуурын эрэгт дахиад нэг хонох хүсэл байсан боловч нэгэнт төлөвлөсөн хуваарийн дагуу
цааш хэнтий аймгийн төв Өндөрхаан хот руу хөдөлсөн юм.

















Хэнтий аймгийн төвд Их монгол улсын 800 жилийн ойд зориулсан их олон юм хийсэн байна. Эзэн чингис хааны маань нэг сүрлэг сайхан хөшөө байх юм, мөн Найман шаргын хана, Чингисийн сийлбэртэй гэр гэх мэт үзэж сонирхох юм их л байлаа.














Хэнтий аймагт түр буудалаас оройдоо Хэрлэн голын хөвөөн дээр буудалсан юм. Хувьтай хүн хур борооноор гэгчээр бид аян замын туршид бороо дагуулж явсан юм.
Аялалын дараагийн буудал маань Сүхбаатар аймагын төв Баруун-Урт хот байлаа. Баруун-Урт хот хэмжээгээр бага ч гэлээ үзэх юм ихтэй сайхан хот байсан шүү. Шинхэнэ дарьганга дархчуудын урласан давхар цохилтой алт мөнгөн эдлэлүүд нь дархан хүний нарийн ур шингэсэн нүд баясаж сэтгэл сэргэхээр үзмэрүүд юмаа.
Харамсалтай нь зураг авахыг хориглосон тул зургийг нь энд тавьж чадсангүй. Тун харамсалтай.














Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд уул бидний аялалын дараагийн цэг байсан юм. Талд байрлах энэ уул нь тэр орчиндоо хамгийн өндөр нь юм байна. Уулан дээрээс тухайн орчин чөлөөтэй харагдах бөгөөд хилийн зурвас хүртэл харагдах юм байна. Даанч миний энэ хоёр нүд хилийн зурвасыг ялган харж чадсангүй. Дэмий л баахан ширтэж зогслоо нэмэр алга:)














Гэхдээ Эрийн хийморь сэргээсэн энэ уулан дээр зогсоод өглөөний нар мандахыг харж байгаад
Тоорой банди
Тогос Чүлтэм
Ганган Төгс
Гархи Балдан
Цахиур Төмөр
Халхын сайн эрчүүд сонс . . .
Гэж байгаад тангараг өргөж хашигарч үзлээ (Хоовон Хөх шиг хэхэ. гэхдээ хулгай хийнэ гэж тангараг өргөөгүй. өөрийнхөөрөө орчин үеийн хэлбэрт оруулсан.). Эртний цуутай эрчүүдтэй адилхан болчихсон ч юм шиг үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байх юм. :)














Байгалийн өөр нэгэн гайхамшигт тогтоц болон орших Талын агуй. Үнэхээр гайхмаар юмаа.
Халхын сайн эр Тоорой банди талд давхиж яваад гэнэт алга болчихдог байсан гэсэн. Энэ агуй руу орчихдог байсан гэдэг юм билээ. Шилийн богд уулнаас хойшоо холгүй оршдог юм байна.














Халхын сайн эр Тоорой бандийн хөшөө Дарьганга сумнаас зүүнхэн талд уулан дээр байдаг юм байна.
Тоорой бандийг байхад торгоны сайныг хэрэглэдэг байлаа.
Тоорой бандийг байхгүй ... гээд дуу ч билүү домог ч билүү нэг юм санаанд бууж байна. Даанч бусдыг нь санах гэсэн ч сандаггүй ээ.

Мөн Алтан овоон дээр гарах болоход эр хүн болж төрсөнөөрөө дахин нэг бахархаад авлаа. Манай аялалын эрчүүд нь овоо руу явахад бүсгүйчүүд маань овооны хормойгоор тойрч алхадаг юм байна. хихи Эр хүн болж төрсөн минь ямар их аз вэ?

Ганга нуур гэж Шилийн богд уулнаас баруун тийш Алтан овооны зүүн урд байрлах жижгэвтэрч сайхан нуур байдаг юм байна. Лам шувуу ихтэй л юм байна. Намартаа Хун шувууд нутаг буцахын өмнө нэг өдөр энд чуулаад нисдэг юм байна.

Ганга нуурнаас ниссэн хун
Намарт заавал цуглардаг
Ганга нуурнаас явсан хүн
Насандаа заавал эргэдэг















Ганга нуурын зүүн хөвөөн дээр Оргихын булаг гэж жижэгхэн булаг байдаг юм байна. Байгаль дэлхийн тайлагдашгүй нууцуудын нэг бололтой. Байнга оргилж байх боловч хүн очоод дугарахаар оргилох хэмжээ нь их нэмэгдэж бүр ихээр оргилох юмаа. Шалзад баахан шарга дууг исгэрэхэд бүр их оргилдог гэнэ. Нутгийн залуугаар тэр дууг нь гуйсаар байж исгэрүүлэлээ ундарга нь үнэхээр ихээр нэмэгддэг юм байна.



За эдгээрийг үзэж дөрвөн өдрийг өнгөрөөчихөөд аялалын жолоог эргүүлж Нийслэл хотын зүг эргэлээ.

Сүхбаатар аймгийн Онгон сум, Баяндэлгэр, Түвшинширээ сумдуудаар орлоо энэ сайхан эх орон минь элсэнд дарагдсан цөл болох аюул хажууханд минь байх юм даа. Цөлжилтийн эсрэг хийх ажил юу байна хүмүүсээ хийцгээх юмсандаа.














Наадам үзэхийг хүсвэл сумын наадам үз гэдэг байхаа. Баяндэлгэр (нэрийг нь буруу санаад байж магадгүй шүү онгон, түвшинширээ гээд очсон юм) болон Түвшинширээ сумдуудын наадамтай таарч хязаалан насны морь үзэж, наадамын хуушуур идлээ. Энэ жил хотод наадамын хуушуураа амтлаагүй байсан болохоор сайхан байлаа шүү.














Аялалаа цааш үргэлжлүүлж Өндөрхаан хотоор дамжин Аврага Тосон сувилалын газарт дахин нэг буудалсан юм. эмчилгээний зориулалттай давстай нууртай, бас нэг цэвэр нууртай юм байна.Нэгэнт энд ирсэнийх Хэрлэнгийн хөдөө арал орж үзлээ. Миний бодож байсанаас шал өөр юмаа. Би нэг голын дунд байх арал болов уу гэж төсөөлж байтал нэг сайхан хөндий байх юм. Сайхан нутаг юм даа.




















Бас нэг сонин зүйл гэвэл Аураг гэдэг рашаан байдаг юм байна. Газрын гүнээс 100 метрээс өөрийнхөө даралтаар гарч ирдэг рашаан байна. Элэс цөс, цусны даралт, хоол боловсролуулалтанд үнэхээр сайн рашаан гэнэ. Ууж үзвэл бид нарын худалдаж аваад уудаг кука-аас илүү санагдсан шүү хүмүүс ээ. Эх оронд минь маш сайн рашаан байна. Вокзалын замын хойно Аураг гэдэг ресторанд зардаг гэсэн шүү.

Аврага тосон рашаанд нэг хоног аялалын алжаалаа тайлан амарсанаар бидний энэ удаагийн аялал маань дуусгавар болж гэртээ ирлээ.
Монгол улс минь ямар уудам юм вэ?
Явсаар явсаар ... барагдахгүй урт зам юм даа.

Товчхондоо аялал маань иймэрхүү л боллоо. Цаашид бусад аялалын талаар товч бичих болно.

Эх байгалиа хайрлан хамгаалая.

Debian

Миний бие Линукс үйлдлийн системийн нэгэн хувилбар болох Дебиан гэгчийг 2002 оны намараас сонирхон судлаж, ашиглах гэж хичээж ирсэн юм. Одоогоор өндөр түвшинд хүрч чадаагүй ч гэсэн өөртөө тодорхой түвшины мэдлэг, туршлагыг хуримтлуулж амжаад байна. Иймд бусадтай өөртөө байгаа мэдлэгээ солилцож, бусдаас суралцах нь зүйтэй гэж үзсэнээс өөрийн хэдэн оюутантайгаа хамтарч www.debian.mn гэсэн сайтыг нээгээд нилээд хэдэн сарыг өнгөрөөгөөд байна. бидэнтэй мэдлэг туршлагаа солилцох хэн ч байсан энэ сайт үргэлж нээлттэй байх болно. та бүхнийг энэ сайтанд зочилоно гэж найдаж байна.

Уртаас урт хугацааны амралт

Сайн байцгаана уу?
Уртаас урт амралтын дараа блогруугаа орж ирлээ. Одоо ихээр биш ч гэсэн блогтоо бичлэг нэмэж байх болно. та бүхэн сонирхож байгаарай.