Friday, October 24, 2008

СУМЫН НААДАМ

Д. Пүрэвдорж

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Wednesday, October 08, 2008

Тэнгэрлэг эх орон минь

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөм үү?
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэм үү?
Амьд яваа минь таний таалал гэм үү?
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөм үү?
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч оч муу?
Аньсан нүдэндээ ч би танийгаа хар муу?
Сайн үйлээ би танийхаа төлөө хиймүү?
Саар мууг үйлдвэл танийхаа өмнө ич мүү?
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтганахыг аж муу?
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд танийх буюу?
Одоо би таний нүдээр л бусдыг харам уу?
Эх орон минь таний хүч л надад шингсэнээс би хүчтэй явна уу?
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурам уу?
Ая аа эх орон минь ээ…
Догшин ширүүн галийг ч би танийг л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Ая аа эх орон минь ээ…
Ариун тунгалаг агаарийг ч танийх л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орном

Thursday, September 18, 2008

Тал нутгийн Эксодус

Нилээн дээх нь БиихБэх.мн дээрээс энэ өгүүлэгийг уншиж байсан юм. сэтгэл хөдөлгөж байна шүү. Та бүхэн уншаад үзээрэй. таалагдах байх гэж хүргэлээ


1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.
Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан, уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.
Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.
Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.
Зүүн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.
Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.
Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.
Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.
Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Козак тэргүүтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагийг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу ес дүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.
Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

Wednesday, July 02, 2008

Монгол улсыг хамарсан үймээн

Согтуу ард түмний бослогын талаар бодсоноо тэмдэглэж үлдээмээр санагдлаа.

Хөөрсөн залуучууд, баярласан өдөөн хатгагчид, айн чичэрсэн буруутанууд, арчаагүй чадваргүй цагдаа нартай Монголын нэг өдрийн үймээн.

Үндсэндээ өөрсдийгөө тэмцэгчид гэж нэрлэсэн согтуу залуучууд нь хэдэн нөхдүүдийн өдөөн хатгалгаар Хувьсалт намын байрлуу дайрч, шатааж , хаглаж, нурааж түйвээж дээрэмдсэн үйл явдал болох юм. Энэ ч яахав улс төрийнхөн хоорондоо хэрэлдэж залхаад ард түмэнээр тоглож байх шиг.

Энд харин би төр барьж байгаа хүмүүс болон төрийн цагдаа нарыг, бас тэр босогч нарыг гайхлаа. Үймээний ихэнх хэсэгт нь цагдаа босогчид хоорондоо чулуун байлдаан хийх юм. бага байхад чулуун байлдаан гэж сүртэй дайн болдог байсаныг санагдуулчихлаа байна.

Босогчид MCS-ийн барилгын хашаанаас таслан авч бамбай хийж цагдаа нарт хүчтэй цохилт өгөн СТӨ-ний ард ортол нь хөөх юм.
Гэтэл цагдаа нар мөчөөгөө өгсөнгүй мөн л босогчидын эсрэг хариу цохилт өгч Улаанбаатар зочид буудалын урд цэцэрлэгт ортол хөөх юм. тэдний тэргүүн эгнээнд нэгэн баатар цагдаа гүйлт дундаа чулуу шүүрч дайралтан орж байх юм. бамбай ч байхгүй, бороохой ч байхгүй босогчидруу улайран дайрах тэр цагдааг олж баатар цолоор шагнавал таарах юм. цагдаа нар нэгдсэн удирдлага байхгүй сэтгэлээрэй сайхан тэмцэж байлаа. Биднийг хамгаалах нэртэй цагдаа нар нь ийм байдалтай үймээнийг дарж ард иргэд бид нарыгаа хамгаална гэж байхгүй байхалдаа хөөрхий. Буянцогтоо ахын хэлсэн шиг босогчид нь цагдаа нараасаа илүү мэргэшисэн гэдэг нь лав үнэн байх шиг байна лээ. дайралт, хамгаалалт, хамгаалалтаас дайралтанд шилжиж байгаа байдал, ухарч яваад гэндүүлэн дайрах нь аргагүй
Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол баатар эрсийн үр удам гэдгийг батлаж байна лээ гэж.

Гэтэл ерөнхий сайд нь сэтгэлээрэй тэмцэж байгаа цагдаа нартаа талархал илэрхийлэн, сэтгэлээрэй дэмжиж байх юм. ярьж байгаа байдал, асуудалд хандаж байгаа нь нэг л баргар намынхаа байранд сэтгэл нь их зовож байгаа байхалдаа. Тэр хүн Монгол улсын ерөнхий сайдын үүрэгээ биелүүлэхээсээ өмнө намынхаа дарга хийгээд л байх шиг санагдсан шүү.

Ерөнхийлэгч Н.Энхбаяр энэ эрхэм харин огцом шийдэмгий байдалтайгаар ард түмэнээ занал хийлэн зурагтаар мэдэгдэл хийх юм аа. Улс оронд нь үймээн самуун гарч бужигнаж байхад улс орны эв нэгдэлийг сахих үүрэг бүхий билэг тэмдэг ерөнхийлөгч харин намынхаа байрыг шатсан шарлахсан уу эсвэл өөр хийх ажилаа олохгүйдээ ард түмэнээ айлгаж, сүрдүүлж нэг үзэв. Гэвч тэр үед хувьсгалт намын байрнаас СТӨ-руу шилжиж тонуул хийж байсан босогчид түүний үгийг сонсоогүй бололтой. Хуучин коммунист намын үлдэгдэл Ху намын төр юу ч гэсэн нэг занал хийлж нэг үзээд арай л арми оруулчихалгүй онцгой байдал зарлав бололтой гэж.

Эцэст нь арчилсан нам гэмгүй гэртээ унтаж байсан, ИХ нам эрт харьсан, хохирогч нь хувьсгалт нам, гэмтэй этгээдүүд нь ард түмэн болж хувирч байх шиг. 800 гаран залуучуудын барьсан л гэх юм. арт түмэний нэг хэсгийг л шийтгэж, барьж хориод л дуусах юм шиг байна даа гэж.

Sunday, June 29, 2008

Unix/Linux сонирхогчидод

Саяхан http://www.goosh.org хаягийг Нямбаяраас сонсоод орж үзлээ. үнэхээр сэтгэл төрүүлж байна шүү. Үнэндээ google.com-ийн албан ёсны сайт биш гэсэн боловч Юникс/Линукс сонирхогчид энэ дээр ажилаад үзвэл дажгүй л юм байна. Линукс-ийн бүрхүүлийн коммандууд ажиллах юм, хэрэв өөр юм бичвэл шууд хайгаад үр дүнг нь харуулж байна. надад бол таалагдаж байна. жишээ нь Video гэсэн хавтас нэвтэрч хайлт хийвэл зөвхөн бичлэг хайх гэх мэт олон давуу тал олгож байнаа. Найзуудаа ороод туршаад үзээрэй.
http://www.goosh.org шүү

Friday, March 14, 2008

Илтгэх урлагаас уншиж сууна.

Би саяхан "Илтгэх урлаг ба шилдэг илгэлүүд" номыг олж уншлаа. гайхалтай гайхалтай илтгэлүүд байх юм даа. Хүн бусдад өөрийн санаагаа уран яруу, утга төгөлдөр ойлгуулна гэдэг чинь үнэхээр урлаг юм байна. Агуу хүмүүс ч агуу л байдаг юм байна. Зарим нэг шилдэг илтгэлүүдийн хэсгийг тавилаа.

Брутос Цезарийг алчихаад хэлсэн үг:
Ромчуудаа эх орон нэгтнүүдээ. Дуугаа хураацгаан миний хэлэхийг сонс. Миний үнэнч шудрагад итгэж, миний ариун шудрагыг хүндлэн сонсвоос та нар мэргэн цэцэн ухаандаа намайг болгоо. билгийн хараагаа нээцгээ.
Түүнийг аз жаргал амжилт дагаж байхад би хажууд нь байсан. Түүнийг эрэлхэг зориг гаргаад дайны талбарт тулалдаж байхад би хажууд нь байсан.
Цезарь би хайртай. Гэхдээ би Ромд илүү хайртай.
Цезарь үхэж та нар эрх чөлөөтэй байсан нь дээрүү?
Цезарь амьдарч та нар боол байсан нь дээрүү?
Ромын иргэн байхыг хүсдэггүй хүн энд байна уу? Тэгвэл би өөрийгөө гомдсон тооцьё.
Эх орондоо хайргүй адгийн шаарууд байна уу? Тэгвэл би өөрийгөө гомдсонд тооцьё.

Ард түмэн: Үгүй Брутос, тийм хүн байхгүй. Брутосийн зөв

Жон Ф.Кеннедигийн Берлинд хэлсэн үг:
...Энэ ерөнц дээр олон хүмүүс чөлөөт ертөнц, коммунизм хоёр юугаараа ялгаатай юм бэ? ойлгохгүй юм гэж хэлдэг. Тэгвэл Берлинд ир гэж хэлье.
Коммунизм ирээдүйн давалгаа гэж зарим нь ярьдаг тэгвэл Берлинд ир гэж хэлье.
Энд тэнд европод ажиллаж болно гэж зарим нь хэлэлцдэг. Берлинд ирээд хардаа гэж хэлье.
Коммунизм хэдий хараал идсэн тогтолцооч түүнд эдийн засгийн өсөлт байна шүү дээ гэж ганц нэг нь хэлдэг үүнийгээ Берлинд ирээд хардаа гэж хэлье.
Эрх чөлөөнд хүндрэлүүд бий. Ардчилал төгс тогтолцоо бишээ. Гэхдээ хүмүүсээ тойруулан эх орноосоо зугтчихвий гэж хана хэрэм босгодоггүй.

1986 онд Челлинжер хөлгийн сүйрэлд хэлсэн үг. хөлөгт сууж явсан дунд сургуулийн багш Криста-д зориулан ерөнхийлөгч Р.Рейгэн:
Дөнгөж хэдэн цагийн өмнө тэрээр гараараа даллан Челленжер хөлөг руу орохыг бид харсан. тэрээр одоо бурханы мэлтийг гараараа арчин тэнгэрийн гүнд одлоо.

Роберт Кеннеди:
Зарим хүмүүс эд зүйлсийг байгаагаар нь харж: яагаад? гэж асуудаг. Би ерөөсөө байгаагүй зүйлсийг мөрөөдөж: яагаад үгүй гэж асуудаг.

Tuesday, February 12, 2008

Зарим нэг үгс

Саяхан Мөлжүүртнэй үгс гэсэн ном олж харлаа энэ дээр зарим нэг хэрэгтэй үгнүүд байна шүү.

Тэр дунаас нь алдартай хүмүүсийн хэлсэн үгсийг түүш оруулж ирлээ.

Гүйцэтгэх чадваргүй хүн амжилтанд хүрэхгүй.

Зориг байвал мянган хэргийг бүтээнэ.

Чанар гэдэг үйлчлүүлэгч дахин ирэхийг хэлнэ.

Демократ

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшисэн мэдлэг түүнээс ч аюултай.
Платон

Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Энэ бол цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал.
Э.Лабуле

Хөдөлмөр бол өлсгөлөнгийн эцэг, ходоодны өвөг эцэг, эрүүл мэндийн элэнц
М.Сафир


Эм, өвчнийг бодвол удаан үйлчилдэг.
Ихэнх хүн өвчнөөс бус эмчээс болж таалал төгсдөг.
Мольер

Түүхээ мартсан хүн түүнийг давтах аюултай.
Сантаяна.

Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авья. Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү.

Талбайн тоглогчийн алдаа жирийн алдаа. Харин хамгаалагчийн алдаа бол гоол байна.
А.Хитлер

Хүслээ гээд сурна гэж үгүй.
Шекспир

Sunday, February 03, 2008

Уншаад үзээрэй

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

13-р зууны монголчууд

The Mongols гэдэг ном олж харлаа. уншиж амжисангүй. Гэхдээ зурагнууд нь таалагдсан тул энд гаргачихлаа.

Монгол нүүдэлийн нэг хэсэг харагдаж байна. Тэмээ гэж аян замд түшигтэй сайхан амьтан юм даа.
казак шиг эсвэл тэр үед монголчууд бүргэдээр ан хийдэг байсан байхалдаа. ямарчил гэсэн монгол ахуй харагдаж байна.

Монгол цэргийн дарга байлдааны талбарт цэргээ удирдаж байна. Япончууд монгол цэргийн бөмбөрийн дуугаар ургаш давших, ухрах зэргийг хөдөлгөөнийг хараад гайхан биширч байсан гэдэг шүү.
Монголын армийн Артеллерийн үндэслэгчид харагдаж байна. тэр үедээ шинэ дэвшилтэт технологи бүрийг хэрэглэж байсан нь монгол цэргийн ялагдашгүй байх чадварыг нэмэгдүүлж байсан биз ээ.
Зайлуул муслим нөхөрийг барьчихаж. боол болгодог байсан юм болов уу? эсвэл алчихдаг байсан болов уу?

Saturday, February 02, 2008

БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.

Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга үүдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.

Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.

Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.
ндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.
Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
ерманы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Оросуудын хувьд Европын халдлагаас аврагдаж, үндэстэн даяараа нэгдэж, хүчирхэгжихийн эхлэл энд цаг үеэс эхлэлтэй.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгүйгээр зөвхөн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хүчийг устгасан гэдэг.
Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг түүхэнд “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.


Sunday, January 27, 2008

96 жилийн өмнөх мэдээ

Тухайн үедээ дэлхийн хамгийн том гэгдэж байсан ТИТАНИК хөлгийн сүйрлийн талаархи аймшигт мэдээ тараасан сонин олсоныгоо та бүхэнтэй хуваалцаж байна. Сүйрлийн талаар бол хүн бүхэн л мэдэж байгаа болохоор бичсэнгүй. доорх холбоос дээр дараад татаад аваарай.
Титаник-1
Титаник-2
Титаник-3

Wednesday, January 23, 2008

Open Beer Party

Лимнукс бүлгэмээс зохион байгуулдаг OBP 2008 оны 1-р сарын 24ны өдрийн Пүрэв гаригт 19 цагаас "Их Монгол" уушийн газарт Open Beer Party ээлжит уулзалт болох гэж байна. Хэрэв та нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирходог, хэрэглэдэг бол хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ уулзалтанд RED HAT-ын Senior expert Давид хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлэх болно.

Завгүй ...

Ойрд албаны болон амин хувийн ажил маш их байгаад зав зай муутай. Интернетийн буланд шидчихсэн блогоо мартсан байна шүү.
Нэг мэдсэн багш нарын баяр өнгөрчихсөн, хичээл орох болсон байна. За оройтсон ч гэсэн Монголын боловсролын салбарыг чирч яваа нийт багш, ажилтан, албан хаагчиддаа багш нарын баярын мэнд хүргэе.

Та бүгдийн цаашдын эрдэмийн ажил тан өөдлөн дэвжиж, олон шавь нар тань улам олон болог гэж ерөөл дэвшүүлье.