Friday, July 03, 2009

Спортын ертөнцийн үзэсгэлэнт охид

Milene Domingues
Хөлбөмбөг
Бразил




Miwa Asao
Элсний воллейбол
Япон улс




Maria Kirilenko
Теннис, ОХУ




Bia And Branca Feres
Усанд сэлэлт, Бразил




Anna Semenovich
Уран гулгалт, ОХУ


Tuesday, June 02, 2009

ОЛЗ

dok134.blogspot.com блог дээрээс энэ бичлэгийг олж уншлаа. Хүн бүхэн унших хэрэгтэй л бичлэг санагдлаа. Ээжийгжээ хайрладаг хүн бүхэнд таалагдана гэж бодож байна. Надад таалагдсан шүү.

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.
Харин бидэнд бол гар чанга байсан юм. “Бид ямар мөнхийн хүн биш. Хэзээ нэгэн цагт өнхрөөд өгнө. Одооноос юухан ч гэсэн хийж сур!…” гэж аав хэлнэ. Ээж, хар үүрээр бидний хучлагыг хуулж “бос…” гэх бөгөөд дүү бид ч уралдан босч ээжийн хэлсэн, заасан бүхнийг ёсоор гүйцэтгэнэ. Үнээ тугал нийлүүлэх гэр орон цэвэр бус байх, аяга таваг хиртэй, эсхүл айлын хүүхэдтэй муудсан тохиолдолд “хашрааж” өгнө. Гэхдээ хэзээ ч бидний толгой руу тоншиж байсангүй.
Мод шийдмээр цохиж байсангүй. Нарийхан сураар ороолгох буюу хөл гарыг хэд сайн чимхэнэ. Ийнхүү сургамж авсны дараа хөл хөнгөрч, чихний бөглөө арилж, хэд хоног хөнгөн шингэн дэгдэнэ. Удалгүй сар орчим болоод мартаж эхэлнэ. Тэр үеэс “та хэдийн зовлого нь загатнаад байна даа…” гэсэн сануулга ирнэ. Иймэрхүү сануулга зүгээр үг биш бөгөөд эл явдал хэд давтагдсаны дараа сураар ороолгуулах чимхүүлэх цаг ирнэ.
Ингэсний хүчээр л бид ахас ихсийг хүндэлж, ажил хөдөлмөрт хойш сууддаггүй болсон юм. Ээж минь жар хүртлээ ер амсхийлгүй хөдөлмөрлөсөн бөгөөд биднийг өсгөөд бас үр хүүхдийг маань, өөрөөр хэлбэл ач, зээ нараа өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ээж маань хүнийг бүү хэл, амьтныг хайрлахад биднийг сургасан. Жилд хэд хэдэн удаа маш их махтай, шар будаа чанаж хавийн нохой хооллодог сон. Мөн хүүхэд их баярлуулдаг сан.
Том ширмэн тогоо дүүрэн үзэмтэй, шар тостой цагаан будаа чанаж, ойр хавийнхаа хүүхдийг хооллон, атга дүүрэн чихэр боов өгч, бидэнд ч гэсэн хүүхэд, нохой баярлуулж бай гэдэг сэн. Насан туршдаа л хүүхэд, нохой хооллож явсан даа. Амьдралынхаа сүүлчийн долоон жил буюу ааваас хойш харин гэр орны ажлаа орхиж “Ээж нь үхэхээсээ өмнө хэдэн жил буян үйлдье” гэж билээ.
Чингээд намар болохоор л манайд ирж хар үүрээр босч мөргөл үйлдэж (1-2 цаг мөргөнө), ажилтай хүн шиг бидэнтэй цуг гарч, Гандан, Зүүнхүрээ зэрэг хурал номын газраар явж, өдөр ирж цайгаа уугаад маань мэгзэмээ тасралтгүй, уншиж, үдэш орой зул хүжээ бариад мөргөлөө эхэлнэ. Үүнийгээ хамаг амьтны тусын тулд залбирч буй юм гэдэг сэн. Дүү бидний өгсөн хэдэг төгрөгийг хадгалж “Ээж нь хүүхдүүддээ тийм ном уншууллаа, ийм хурал хурууллаа” гэсээр л орж ирнэ. Үргэлж инээж явдаг сан. Ээж минь сайхан дээл хувцас оёно. Залуудаа их сайхан дуулдаг. Хааяа “Жаахан шарга”-ыг дуулахад нь гангар шаазан жингэнэж байх шиг санагддагсан…
“Та нар өөрсдийн муугаас үхвэл, би харамсахгүй шүү. Миний нэг өндөг хагарлаа л гэж бодно. Харин амьтны үр хүүхдэд л битгий гай болоорой” гэж хатуухан захина. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ… амьтанд тус бол!…” гэж байнга хэлнэ. Ээж минь ийм л хүн байлаа. Эмэгтэй хүн гэхэд зориг чанга, хэр баргийн юманд гуниж гутрахгүй, уур нь хүрвэл таг дуугүй болчихно.
Маш их сүсэгтэй, Зул хүж барих, маань мэгзэм унших, мөргөл хийх, настай хүмүүс, лам нарт хоол цай барих л ээжийн минь дуртай ажил байсан. Хоёрдугаар ангид байхдаа бичсэн анхны гэнэн шүлгүүдээ ээждээ л уншиж өгч билээ. “Ээж нь яаж мэдэхэв дээ. Сайхан л болж…” гээд үнссэн. Ийнхүү яруу найрагч болох анхны урам хайрласан юм. Хэрвээ надад жаахан авьяас буй аваас тэр нь ээжээс минь улбаатай гэдгийг л би зөвшөөрөх байна.
Хэдэн чихэр өгсөн ч, сайхан үг хэлсэн ч дүү нартай утсаар ярьсан ч баярлана. Үнэн сэтгэлээсээ баярлаж чаддаг тийм хүнийг би амьдралдаа мөн ч цөөхөн үзсэн дээ.
Ээж минь 66 жил амьдрахдаа үргэлж үүр цүүрээр босч, 66 жил нар мандахыг харсан юм. Үргэлж бусдын зовлонг хуваалцаж, тэр гуайн хүүхэд өвдөж, энэ гуайн бие муудаж гээд гүйж явдаг сан.
Ээж минь дүү бидний хэнийг нь ч эрхлүүлээгүй, бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан. Ээж минь хөдөөний мянга мянган эхчүүдийн адил өвөл цас мөс үүрч, хайлж, зун, намар аргал түүж, үнээ тугалтай ноцолдож, цагаан идээ хийж, гэр орон, үр хүүхэд гэж явсаар л насыг элээсэн. Харин сүүлийн хэдэн жилд ач нараараа ном, сонин, үлгэр домог, ялангуяа бурхны шашны холбогдолтой юм уншуулах дуртай болж, толгойгоо үл мэдэг гилжийлгэж, нүдээ анийлган сонсож суухдаа эрихээ эргүүлдэг сэн. Хүний амьдарч чадсан эсэхийг яаж үхсэнээр нь тогтоож болно гэж дорнын мэргэн үг байдаг.
Ээж минь амьдарч чадсан шигээ үхэж бас чадсан юм. Маш их зөн билигтэй хүн байж билээ. Дарьгангаас Баруун-Урт руу явж байх замдаа гурван дүүтэй минь хамт машины осолд орж азгүй явдал үүдсэн 1994 оны тавдугаар сарын 21-ний гунигт тэр үдэш гэнэт “Өмнөө яваа автобусыг гүйцэж, урд нь гарч яв!…” гэж хэлсэн гэдэг. Чингээд хэлснээр нь явсаар байтал аймгаас 60-аад км зайтай газар машин осолд орсон бөгөөд 30 минутын дараа арынх нь автобус гүйцэн ирж, тэднийг эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрвээ автобусны ард явсан бол тэр шөнөдөө хээр хонож (шөнө өөр машин яваагүй гэдэг) маргааш нь үд хүрэхэд бэртэж гэмтсэн дүү нар маань цус алдаж, бүгд аюулд орох байсан юм. Иймд ээж минь өөрийн зөн билгээр гурван үрээ аварсан билээ.
Яг ойчихоосоо хоёр хоногийн өмнө машинд сууж чадахгүй тул дүү биднээр тэврүүлэн гурван дугуйтад сууж, аймгийнхаа хийдэд очсон бөгөөд тэнд хүнээр тэврүүлэн сууж сахиусаа тахиулаад бүх бурхан тахилд мөргөж, бас арай ядан хөдөлж буй хэрнээ бүх бүх ламаас нь хоёр хүнээср сугадуулан явж адис аваад гарсан. Гэртээ ирээд авдрын өмнө сууж байхдаа “Ээж нь хэдэн хүүхдэдээ нэмэр болохгүй ч гэсэн харагдаж байвал хэрэгтэй л юм даа.
Ээжтэй хүний сэтгэл өег байдаг юм” гэж билээ. Хатуу чанга зоригтой хүн тул, зуны бүгчим халуун, өвдөхийн бэрх хоёрыг давж ер “ёо” хэлээгүй бөгөөд харин ч бидэнд “Миний хүүхдүүд уйлж л болохгүй шүү. Усан бороогоор нүдэх шиг хэцүү байдаг юм гэнэ лээ. Маань мэгзэм л сайн уншицгаа. Яг үхэх үед бурхныг минь л сануулаад байгаарай…” гэж билээ.
Ээжийн минь бие алгуур хөрсөөр л…Би бүх бурхныг нь авчирч толгой дээр нь адис тавив.
“Ээжээ, энэ бурхан багш байна. Одоо Очирваань бурхнаар адис тавилаа. Одоо дарь эхээр…” гэх мэтээр би шүтдэг бурхнуудыг нь нэрлэж нэг бүрчлэн адис тавив. Үг дуугүй толгой дохино. Хоёр гараа цээжиндээ авчирч арай ядан залбирч буйг нь харахдаа сэтгэлийн тэр их хүч хаанаас нь гарч буйг гайхсан юм.
Сүхбаатар эмчтэй би тав гурван үг шивэгнэж зогстол эгч намайг дуудаж, “Амьсгаа хураах гэж байх шиг байна” гэв. Би ээжийн ор руу дөхвөл амьсгаа нь давхцаж ам нь өмөлзөж байлаа. Би яаран өвөг дээдсийн шүтээн Ногоон – дарь эхийг гартаа барьж “Ээжээ, бурхнаа хараарай. Бурхан чинь таныг харж байна. Бурхнаа л хараарай” гэв. Ээж нүдээ нээлээ. Бурхнаа харав. Ногоон-дарь эх чинь … гэж би дахин хэлэв. Хоолой зангирч, нулимс бүрхэж ирэв. Би үг хэлэх гээд чадахгүй, уйлчих гээд бөөн юм хоолойд тээглэв. Магсаржав ламыг би хонхоо цохь, номоо эхэл гэв. Тэрбээр хоолой нь чичрэн ерөөлийн хаан уншиж, хонхоо цохиж эхлэв. Би, дүү нартаа маань мэгзэм уншицгаа, бүү уйл, ээж чинь ингэж захисан гэв.
Ээж минь бурхнаа харсаар л байлаа. Эцсээ хүртэл ухаан саруул байв. Бурхнаа харсаар байгаад нүднийх нь галыг дотроос нь ямар нэг юм хураагаад авчих шиг… бүүдийсээр… Гэвч энэ эцсийн харцанд Ногоон-дарь эх бурхан шингэж, ээж минь сүүлчийн удаа Ногоон-дарь эх бурхнаа ширтсээр амьсгал хураав.
“Амьсгал хураачихлаа, гэхдээ зүрх нь одоохоноо цохилж байна” гэж Сүхбаатар эмч хэллээ. Удалгүй зүрх нь зогсов. Хорвоо дуусчээ. Ээж минь таалал болов. Энэ насны нь зовлон дуусав. Зул сүүмэлзэнэ. Магсаржав лам толгой дээр нь хонх цохиж, ерөөл уншсаар… Батхүрэл дүү минь ээжийнхээ хөлд өвдөг сөгдөн чимээгүй уйлав. Би, түүний толгойг илж, бүү уйл, маань мэгзэм уншицгаа!… гэв. Тэр уйлахаа больж дүү нар маань уйлахаа хүчээр барьж, эрихээ чимээгүй эргүүлж, маань мэгзэм уншиж эхлэв. Би тэднийг уруу татахгүйн тулд нулимс унагахгүй, шүд зуун тэслээ. Ээж минь ийн одсон юм. Үүнээс хойш бид ээжгүй болсон.
Чи ямар ч сайхан юм үзсэн, түүнийгээ ярихад чинь үнэн сэтгэлээсээ баярлан хүлээж авдаг хүн тэр хоёроос өөр хэн буй? Чи яаж ч баярлалаа гэсэн тэр баярыг хоёр хөгшнөөс чинь өөр дүүрэн хуваалцах хэн буй бол? Чиний зовлонг ч чиний эдэлж буйн дайтай мэдэрч адилхан зовох нь хэн бол? Араас чинь сүү өргөөд үлддэг ээж чинь алга болохын цагт нутгаас буцахдаа чи нэгийг бодож, нөгөөг ухаарах буй заа. Ээжтэй хүн бүхэн, ээжийгээ амьд байгаад, ээжтэй байгаадаа нэг баярлагтун!
Ээжийгээ баярлуулах боломж буйдаа хоёр баярлагтун! Хэмээгээд цаглашгүй ачит ээжийнхээ дурсгалд зориулсан эл бичлэгийг өндөрлөе

Friday, October 24, 2008

СУМЫН НААДАМ

Д. Пүрэвдорж

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Wednesday, October 08, 2008

Тэнгэрлэг эх орон минь

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөм үү?
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэм үү?
Амьд яваа минь таний таалал гэм үү?
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөм үү?
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч оч муу?
Аньсан нүдэндээ ч би танийгаа хар муу?
Сайн үйлээ би танийхаа төлөө хиймүү?
Саар мууг үйлдвэл танийхаа өмнө ич мүү?
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтганахыг аж муу?
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд танийх буюу?
Одоо би таний нүдээр л бусдыг харам уу?
Эх орон минь таний хүч л надад шингсэнээс би хүчтэй явна уу?
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурам уу?
Ая аа эх орон минь ээ…
Догшин ширүүн галийг ч би танийг л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Ая аа эх орон минь ээ…
Ариун тунгалаг агаарийг ч танийх л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орном

Thursday, September 18, 2008

Тал нутгийн Эксодус

Нилээн дээх нь БиихБэх.мн дээрээс энэ өгүүлэгийг уншиж байсан юм. сэтгэл хөдөлгөж байна шүү. Та бүхэн уншаад үзээрэй. таалагдах байх гэж хүргэлээ


1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.
Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан, уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.
Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.
Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.
Зүүн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.
Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.
Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.
Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.
Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Козак тэргүүтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагийг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу ес дүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.
Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

Wednesday, July 02, 2008

Монгол улсыг хамарсан үймээн

Согтуу ард түмний бослогын талаар бодсоноо тэмдэглэж үлдээмээр санагдлаа.

Хөөрсөн залуучууд, баярласан өдөөн хатгагчид, айн чичэрсэн буруутанууд, арчаагүй чадваргүй цагдаа нартай Монголын нэг өдрийн үймээн.

Үндсэндээ өөрсдийгөө тэмцэгчид гэж нэрлэсэн согтуу залуучууд нь хэдэн нөхдүүдийн өдөөн хатгалгаар Хувьсалт намын байрлуу дайрч, шатааж , хаглаж, нурааж түйвээж дээрэмдсэн үйл явдал болох юм. Энэ ч яахав улс төрийнхөн хоорондоо хэрэлдэж залхаад ард түмэнээр тоглож байх шиг.

Энд харин би төр барьж байгаа хүмүүс болон төрийн цагдаа нарыг, бас тэр босогч нарыг гайхлаа. Үймээний ихэнх хэсэгт нь цагдаа босогчид хоорондоо чулуун байлдаан хийх юм. бага байхад чулуун байлдаан гэж сүртэй дайн болдог байсаныг санагдуулчихлаа байна.

Босогчид MCS-ийн барилгын хашаанаас таслан авч бамбай хийж цагдаа нарт хүчтэй цохилт өгөн СТӨ-ний ард ортол нь хөөх юм.
Гэтэл цагдаа нар мөчөөгөө өгсөнгүй мөн л босогчидын эсрэг хариу цохилт өгч Улаанбаатар зочид буудалын урд цэцэрлэгт ортол хөөх юм. тэдний тэргүүн эгнээнд нэгэн баатар цагдаа гүйлт дундаа чулуу шүүрч дайралтан орж байх юм. бамбай ч байхгүй, бороохой ч байхгүй босогчидруу улайран дайрах тэр цагдааг олж баатар цолоор шагнавал таарах юм. цагдаа нар нэгдсэн удирдлага байхгүй сэтгэлээрэй сайхан тэмцэж байлаа. Биднийг хамгаалах нэртэй цагдаа нар нь ийм байдалтай үймээнийг дарж ард иргэд бид нарыгаа хамгаална гэж байхгүй байхалдаа хөөрхий. Буянцогтоо ахын хэлсэн шиг босогчид нь цагдаа нараасаа илүү мэргэшисэн гэдэг нь лав үнэн байх шиг байна лээ. дайралт, хамгаалалт, хамгаалалтаас дайралтанд шилжиж байгаа байдал, ухарч яваад гэндүүлэн дайрах нь аргагүй
Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол баатар эрсийн үр удам гэдгийг батлаж байна лээ гэж.

Гэтэл ерөнхий сайд нь сэтгэлээрэй тэмцэж байгаа цагдаа нартаа талархал илэрхийлэн, сэтгэлээрэй дэмжиж байх юм. ярьж байгаа байдал, асуудалд хандаж байгаа нь нэг л баргар намынхаа байранд сэтгэл нь их зовож байгаа байхалдаа. Тэр хүн Монгол улсын ерөнхий сайдын үүрэгээ биелүүлэхээсээ өмнө намынхаа дарга хийгээд л байх шиг санагдсан шүү.

Ерөнхийлэгч Н.Энхбаяр энэ эрхэм харин огцом шийдэмгий байдалтайгаар ард түмэнээ занал хийлэн зурагтаар мэдэгдэл хийх юм аа. Улс оронд нь үймээн самуун гарч бужигнаж байхад улс орны эв нэгдэлийг сахих үүрэг бүхий билэг тэмдэг ерөнхийлөгч харин намынхаа байрыг шатсан шарлахсан уу эсвэл өөр хийх ажилаа олохгүйдээ ард түмэнээ айлгаж, сүрдүүлж нэг үзэв. Гэвч тэр үед хувьсгалт намын байрнаас СТӨ-руу шилжиж тонуул хийж байсан босогчид түүний үгийг сонсоогүй бололтой. Хуучин коммунист намын үлдэгдэл Ху намын төр юу ч гэсэн нэг занал хийлж нэг үзээд арай л арми оруулчихалгүй онцгой байдал зарлав бололтой гэж.

Эцэст нь арчилсан нам гэмгүй гэртээ унтаж байсан, ИХ нам эрт харьсан, хохирогч нь хувьсгалт нам, гэмтэй этгээдүүд нь ард түмэн болж хувирч байх шиг. 800 гаран залуучуудын барьсан л гэх юм. арт түмэний нэг хэсгийг л шийтгэж, барьж хориод л дуусах юм шиг байна даа гэж.

Sunday, June 29, 2008

Unix/Linux сонирхогчидод

Саяхан http://www.goosh.org хаягийг Нямбаяраас сонсоод орж үзлээ. үнэхээр сэтгэл төрүүлж байна шүү. Үнэндээ google.com-ийн албан ёсны сайт биш гэсэн боловч Юникс/Линукс сонирхогчид энэ дээр ажилаад үзвэл дажгүй л юм байна. Линукс-ийн бүрхүүлийн коммандууд ажиллах юм, хэрэв өөр юм бичвэл шууд хайгаад үр дүнг нь харуулж байна. надад бол таалагдаж байна. жишээ нь Video гэсэн хавтас нэвтэрч хайлт хийвэл зөвхөн бичлэг хайх гэх мэт олон давуу тал олгож байнаа. Найзуудаа ороод туршаад үзээрэй.
http://www.goosh.org шүү